Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Талууд Улаанбаатар хотын гэр хороололд нарны сэргээгдэх эрчим хүч ашиглахад шаардагдах анхан шатны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр санал солилцсон юм.
Нийслэлийн хэмжээнд энэ онд 51000 айлыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Ингэхдээ газ болон цахилгаан халаагуурт бүрэн шилжсэн, гал түлдэггүй өрхөд хэрэглээний үнийн урамшуулал олгох юм. Түүнчлэн нарны панел, сэргээгдэх эрчим хүч, ус төрөгчийн эрчим хүч, орон сууцжуулах зэрэг бодлогыг орхигдуулахгүй байхаар төлөвлөн ажиллаж буйг НЗДТГ-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин энэ үеэр танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, Нийслэл хот 2028 он гэхэд 1000 айлыг нарны панел буюу сэргээгдэх эрчим хүчээр холбох төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн онд 47 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбосон. Энэ жил Чингэлтэй дүүргийн 200 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор ажиллаж байна” гэлээ.
Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Улаанбаатар хотын гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд өвлийн цаг агаарт зохицсон технологи, техникийн шийдлийг боловсруулах, техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх нь үр ашигтай. Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Талууд дараагийн уулзалтаар гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төсөлд гарын үсэг зурахаар тохиролцжээ.