Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.
Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн шинэлэг санаачилгуудыг дэмжих орон зай бий болгоход оршиж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нийтлэг сорилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын 13 дугаар зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн болон дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүдтэй харилцан ашигтай, нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллахыг зорьж буйг илэрхийлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх үйлсэд нэгдмэл зорилго, хамтын хүсэл тэмүүллээр оролцохыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд:
86 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлж
84 сая модыг тарьж, арчилж ургуулсан
1.9 тэрбум модыг хөнөөлт шавжаас хамгаалсан бодит үр дүн гарсан байна.
Энэхүү санаачилга нь Парисын хэлэлцээрийн зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.
Чуулга уулзалтад:
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
“Бан Ги Мүн” сангийн төлөөлөгчид
АНУ-ын Стэнфордын их сургууль
Унгар, Казахстан зэрэг нийт 11 орны 40 гаруй илтгэгч
Байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Түүнчлэн НҮБ, Азийн хөгжлийн банк, “Оюу Толгой” ХХК болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд чуулга уулзалтад дэмжлэг үзүүлэн оролцож байна.
Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэх зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалтын салбарт дэвшилтэт технологийг нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын санаачилгаар 2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бөгөөд үүний хүрээнд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэхүү санаачилга нь дэлхийн 100 гаруй улс орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн эрхлэгчдэд чиглэсэн бодлогын түншлэлийг өргөжүүлж, 500 орчим сая хүний амьжиргаа, эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
Чуулга уулзалтыг дараах байгууллагууд хамтран зохион байгуулж байна:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Гадаад харилцааны яам
“Бан Ги Мүн” сан
АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний Ази-Номхон далайн судалгааны төв
Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо